МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО БУСАД ОРОНД ЖИШИГ БОЛОХ БОЛОМЖТОЙ

14

Монголын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоо бүс нутгийн бусад оронд жишиг болох боломжтой хэмээн хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж буйтай газар дээр нь танилцсан Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганы оролцогчид дүгнэлээ.
Чуулганы төлөөлөгчдөд сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, малчин өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулахаар Төв аймгийн Алтанбулаг суманд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Сэргэлэн суманд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудын хамт ажилласан.

Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв хоёр их эмч, гурван бага эмч, таван сувилагч, эмийн санч, лаборант, туслах ажилтнууд гэсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн багийн 3300 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Нийт хүн амынх нь 46 хувь алслагдсан хөдөө орон нутагт амьдарч, тэдний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол Улс өөрийн онцлогт тохирсон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хүргэдэг вэ гэдэгтэй газар дээр нь танилцахаар Алтанбулаг сумын хоёрдугаар багийн малчин, аймгийн алдарт уяач Чойжинхорлоогийнд очсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэдэн малынхаа аяыг харж бэлчээр хөөн нүүдэллэж явдаг малчин өрх тэр бүр төв орж эмчид үзүүлээд байж чаддаггүй, сум, багийн эмч ч ойр ойрхон ирээд байх боломж хомс, ирлээ ч чагнуураас өөр багажгүй шахам болохоор төв орж оношлуулах тухай яриа л өрнөдөг байсан цаг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтэрч буй мобайл технологийн үр дүнд өөрчлөгдөж байгааг чуулганы төлөөлөгчдөд танилцуулсан. Багийн эмч мобайл технологийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд тусладаг явуулын багцтайгаа ирээд шаардлагатай үзлэгийг хийж, оношлоод, эмчилгээ бичиж өгөөд хяналтаа ч тавьчихдаг гэдгийг төлөөлөгчид Н.Нарантунгалаг эмчийн малчин өрхийн гишүүдэд хийж буй үзлэгээс бодитоор нь харсан.

Багийн эмчийн явуулын багц бүхий цүнхийг Чойжинхорлоогийнд очсон гадаадын зарим орны төлөөлөгч шидэт улаан цүнх гэж байсан. Энэ цүнхэнд бүх төрлийн оношлогооны болон гарын доор хэрэглэгдэх материалууд багтдаг. Үүнд даралтны аппарат, чагнуур, зүрхний бичлэгийн автомат аппарат, ЭХО мобайл аппарат, жижиг түргэн оношлуур, мэдрэлийн эмчийн алх, 0-5 насны хүүхдийн өндөр хэмжигч, бугалаганы тойрог хэмжигч туузан метр гэх мэт анхан шатанд хэрэглэгддэг багаж хэрэгсэл байдаг.
Сумын төв, эсвэл аймгийн нэгдсэн эмнэлэгт зөөврийн бус суурин аппарат байдаг бол мобайл технологийн ЭХО-г хаана ч хэрэглэж болохоороо давуу талтай. Хэвлийн хөндийд байгаа ямар нэг эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, цээжний хөндийд ус хурсан эсэх, зүрхний эмгэг зэргийг газар дээр нь оношлох боломжтой. Зүрхний бичлэгээ хийгээд, даралтыг нь үзчихнэ, сахарын хэмжээг тодорхойлоод өөр бусад үзлэгийг ч явуулын багц дахь оношлууруудаа ашиглаад хийчихдэг гэдгээ Н.Нарантунгалаг эмч тайлбарлаж байлаа. Мобайл технологи ашигласнаар анхан шатны тусламж үйлчилгээ сайжирсан гэдгийг эмч төдийгүй иргэд ч ярьж байна билээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад мобайл технологийг нэвтрүүлэх арга хэмжээг авч байгаа нь үр дүнгээ өгч буйг зочдод танилцуулаад “Монгол Улс 330 сумын 1600 орчим багтай. Багийн эмч нараа мобайл технологийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах зайлшгүй шаардлага байгаа. Ирэх аравдугаар сард Багийн эмч нарын улсын зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд бүх багийн эмчээ орчин үеийн технологи ашиглах боломжоор хангах ажлыг хийнэ. Үр дүнд нь орон нутгийн иргэд, тэр дундаа алслагдсан сумдын малчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй авах, оношлогоо, шинжилгээнд хамрагдах бүрэн боломж бүрдэнэ” гэж байв.

Сум орон нутагт иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж буйтай танилцсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб “Миний зүгээс ганцаараа бус баруун Номхон далайн орнуудын парламентын төлөөлөгч, эрүүл мэндийн салбарын сайдууд, бусад мэргэжилтнүүдтэй хамтдаа ирж малчны хотонд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ямар байдлаар явагдаж байгаатай танилцлаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн түвшинд эмч, сувилагч үзүүлж үзүүлж, цаашлаад сумын Эрүүл мэндийн төв, хоёрдахь шатлалын эмнэлэг рүү иргэд явах боломжтой энэ тогтолцоо Монголын онцлогт тохирсон юм байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цөөн хүн амтай, өргөн газар нутагтаа тархмал суурьшдаг учраас ийм тогтолцоог ашиглаж анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй сайн хүргэдэг байх зохицуулалттайд бид сэтгэгдэл өндөр байгаа.

Энэ нь бусад улс орнуудад ч алслагдсан нутгийн иргэддээ яаж анхан шатны тусламж үйлчилгээ хүргэх вэ гэдэг дээр сургамж болно гэдэгт итгэлтэй байна. Эмч болон сувилагчдын хувьд малчны хотонд очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд унаа нь боломжийн, хүртээмжтэй байх хэрэгтэйг ойлголоо.
Гол авууштай зүйл нь эмч, сувилагч нар явуулын багцтай нь газар дээрээ хүнээ үзээд, оношилгоо эмчилгээ хийхэд үр дүнтэй юм байна. Дээр нь бид тогтолцооны томоохон өөрчлөлт хийж, улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт хуваарилж байгаа хөрөнгө санхүүжилтийг ямар тохиолдолд бууруулж болохгүй гэдэг бөйр суурьтай байна. Мөн эмнэлэгт суурилсан үйлчилгээг илүү дэмжиж, цаашлаад улсын төсвөөс нийгмийн эрүүл мэндийг дэмжин, урьдчилан сэргийлэх ажлуудыг сайтар санхүүжүүлэх тогтолцоо руу орох нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Төв аймгийн 27 сумын Эрүүл мэндийн төвүүд түргэн тусламжийн үйлчилгээнд “Фургон” автомашин ашигладаг. Эрүүл мэндийн яамнаас багийн эмч нарыг мотоциклоор хагасан ч сумын эмч нарын дийлэнх нь эмэгтэй хүмүүс учраас мотоцикл унаад ялангуяа өвлийн цагт явах нь хүндрэлтэй. Тиймээс багийн эмч нар тойрон үзлэгээр явахдаа сумынхаа түргэний машиныг ашигладаг. Түргэний тэрэг дуудлаганд явчихсан үед яаралтай дуудлага гарвал тусламж үйлчилгээ шуурхай хүргэхийн тулд шийдлийг богино хугацаанд гаргах шаардлагатай тул иргэний хувийн автомашиныг дайчлах арга хэмжээ авдаг гэдгийг Алтанбулаг сумын хоёрдугаар багийн эмч Н.Нарантунгалаг ярьж байсан.

Эрүүл мэндийн сайд багийн эмч нарын энэ байдлыг сайн ойлгож байгаа тул шийдэх гарц гаргалгааг олно гэдгээ хэлсэн.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд ялангуяа өргөн уудам газар нутагт тархай бутархай суурьшин амьдардаг малчдад хэрхэн хүргэж буйтай газар дээр нь танилцсан Ази, Номхон далай парламентчдын чуулганы төлөөлөгчид Монголын туршлагаас суралцахаас гадна өөрсдийн бүс нутагт хэрэгжүүлж амжилтад хүрсэн ажлуудынхаа талаар санаа оноогоо ярилцаж бүс нутгийн хэмжээнд ирээдүйн төлөө эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүтээхийн тулд юу хийх вэ гэдгээ “Улаанбаатарын тунхаглал”-д тусгах юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам