ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

13

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөлийн ээлжит хурал  өнөөдөр /2024-03-19/ боллоо.  

Хурлаар салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, энд онд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэв. Тус зөвлөл нь 2023 онд таван зорилтын хүрээнд 15 арга хэмжээг 80 хувийн хэрэгжилттэй гүйцэтгэсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг жендэрийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, төрөлжсөн мэргэшлийн 43 эмчийг мэргэшүүлэх сургалтад тус тус хамруулсан байна.

Түүнчлэн олон нийтийн жендерийн талаарх боловсролыг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, тэмцэх “Хүндлэл хамгийн том гэрэл” олон улсын зорилтот аяны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан 300 мянган хүнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн зэрэг тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэснээ танилцуулав.

Мөн уг хурлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Жендэрийн салбар зөвлөлийн дарга Д.Очирбат 2023 онд салбар зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажил, Жендэрийн үндэсний хорооны 2024 оны 02 дугаар тогтоолыг танилцуулан 2024 онд салбар зөвлөлөөс хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадавхыг системтэйгээр бэхжүүлэх, салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдлыг бууруулах оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл амьдрах мэдлэг, хандлага, дадлыг жендэрийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн хэвшүүлэхэд бусад салбарын оролцоог хангах чиглэлд анхаарч дараагийн хуралдааныг зохион байгуулахаар боллоо.  

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам https://moh.gov.mn/news/6913